ЗӨВЛӨМЖ

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчийг бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлага, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан 4 тусгай шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүрэн хангасан төрийн жинхэнэ албан хаагч бүртгүүлэх боломжтой.

Нийтлэг болон тусгай шаардлага, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан 4 тусгай шаардлагыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчийг бүртгэх шийдвэрийг комисс гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан 4 тусгай шаардлагыг дараах байдлаар ойлгоно.

·         "Боловсролын шаардлага": Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсрол болон түүнээс дээш зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой. /Магистрын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд магистр болон түүнээс дээш зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой/

·         "Мэргэжлийн шаардлага": Их, дээд сургуульд суралцаж эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.

·         "Мэргэшлийн шаардлага": Дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэргэшлийн зэрэг олгосон, баримт бичгийг үндэслэн тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг нотолно.

·         "Туршлагын шаардлага": "Мэргэжлээрээ ажилласан байх" гэснийг тухайн мэргэжлээрээ төрийн болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл хоногоор нь тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн" гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 тусгай шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлага хүлээх тул бүртгэл хийж байгаа комисс ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

Албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, хуурамч материал бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол хүлээх хариуцлага

Төрийн албаны тухай хуулиас

34 дүгээр зүйл.Хориглох зүйл

34.1.Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчих, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.

35 дугаар зүйл.Хариуцлага

35.1.Энэ хуулийн 34.1, 35.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална.

35.2.Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчсөн этгээдийг энэ хуулийн 33.9-д заасан Шалгалтын зөвлөлийн бүрэлдэхүүнд дахин оруулахгүй.

48 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах

48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

48.1.1.сануулах;

48.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

48.1.3.төрийн албанаас халах;

48.1.4.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;

48.1.5.хуульд заасан бусад.

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.

48.3.Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.

48.4.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

48.5.Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно.

48.6.Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

48.7.Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

48.8.Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.

48.9.Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.

Эрүүгийн хуулиас

23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах

1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

--- х ---