Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар буюу Төрийн албаны зөвлөлийн орон нутаг дахь Салбар зөвлөлийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо орон тооны гишүүд Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, түүний ажилтнууд оролцлоо.
Төрийн албаны зөвлөлөөс 2015 онд хийсэн ажлын талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд гарч буй дутагдал зөрчлүүдийн талаар ярьж, цаашид эдгээрийг хууль дүрэм журамд нийцүүлэн хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөгөө, чиглэл өгөв. Мөн Ажлын албаны ажилтнууд удирдах болон төрийн албанд анх орх иргэдийн сонгон шалгаруулалт, нөөц бүрдүүлэх, нөөцөөс нэр дэвшүүлэх асуудлаар , ёс зүйн зөрчил болон гомдол маргааныг шийдвэрлэсэн байдал, Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар зэрэг хариуцсан чиглэлээр зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар тайлбар өглөө.
Жил бүр төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг Төрийн албаны зөвлөлд ирүүлдэг бөгөөд үүнтэй холбогдуулан өмнөх онуудад гарч байсан алдаа дутагдлыг тодорхой дурдаад, мэдээ тайлангаа зааврын дагуу бүрэн, гүйцэд, зөв, хугацаанд нь гаргаж ирүүлэхийг, цаашид юун дээр анхаарах талаар зааварчилгаа өглөө. Салбар зөвлөлийн дарга нар орон нутагт Салбар зөвлөлийн үйл ажиллагааг явуулахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярьж, санал бодлоо солилцов.