Төрийн албаны шинэтгэлийн үр дүнг нь баталгаажуулж, тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх бодлого, үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлөөс төлөвлөн хэрэгжүүллээ.
Хууль тогтоомжийн зохицуулалтыг сурталчлан таниулах, шинэтгэлийн бодлогыг түгээн дэлгэрүүлэх, үр дүнг нь хэмжиж болохуйц бодит ажлыг эрэмбэ дараатай зохион байгуулахад зөв ажлын эхлэлийг бататгахад үйл ажиллагаагаа чиглүүлэв.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, холбогдох бусад эх сурвалжийг удирдлага болгож, төрийн албаны төлөвшил нь олон улсад үнэлэгддэг гадаад орнуудын төрийн албаны төв байгууллага, өөрийн орны төрийн байгууллагуудын стратеги төлөвлөгөөний нийтлэг жишиг, туршлага, онолын чиг хандлагад нийцүүлэн Төрийн албаны зөвлөлийн 2020-2023 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулан баталж, үйл ажиллагаандаа мөрдлөө.
Мэргэшсэн чадварлаг хүний нөөцийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн итгэлийг хүлээсэн ёс зүйт төрийн албыг төлөвшүүлэх, цахим засаглалын хүрээнд стратеги, бодлого төлөвлөлтийн нэгдсэн платформ бий болгох зорилтуудын хүрээнд төрийн албаны шинэтгэлийн 2020-2024 оны үечилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх чиглэлээр стратегийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалтын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс 2020 онд хийж гүйцэтгэсэн онцлох 20 ажлыг танилцуулж байна.
Иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудалд эерэг үр дүнд хүрэх үйл ажиллагаа олон улсын хэмжээнд нийтлэг жишиг болж байна.
Хуулиар хүлээсэн зорилт, чиг үүргийн дагуу бодлогын тодорхой асуудлаар инновацийн шинэлэг шийдэл боловсруулах, үр дүнтэй арга зүйг эргэлтэд оруулах зорилгоор судалгаа шинжилгээ болон тогтвортой хөгжлийн зорилтын нийцлийн шалгуураар яам, агентлаг, орон нутгийн захиргааны 400 гаруй байгууллагаас ирүүлсэн саналуудаас сонгон амжилттай хэрэгжүүллээ.
Хувийн хэвшлийн менежментийн дэвшилтэт арга туршлагыг төрийн албанд түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллав.
Төрийн албаны шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж, ажлын ахиц дэвшил гаргахад техникийн мэдлэг, туршлагын хатуу ур чадварын зэрэгцээ манлайлал, харилцааны эв дүй, цагийн менежмент зэрэг хувь хүний зөөлөн ур чадвар эзэмших шаардлага төрийн албан хаагчдын өмнө тавигдаж байна.
Шинэтгэлийн бодлого, засаглалын зарчмыг хэрэгжүүлэх, өөрчлөлтийн менежемент, төрийн захиргааны болон хүний нөөцийн менежментийн асуудлаар мэргэшил, арга зүйн зөвлөмжөөр хангах зорилгоор олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан менежментийн сүүлийн үеийн сурах бичиг, зохиол бүтээлийг сонгон зохиогчийн эрх авч төрийн албан хаагчдын хүртээл болгон ажилдаа тусган авч хэрэгжүүлж байна.
Дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлага, сорилт, бэрхшээлийг нэгтгэн дүгнэсэн, төрийн албаны удирдах ажилтны ур чадварыг тодорхойлсон Сингапурын үндэсний их сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер Ван дер Валлын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” номыг монгол хэлнээ цахимаар түгээлээ.
Алан Лоутан, Жюли Райнер, Карин Ластюйзен нарын зохиосон “Улсын салбарын менежемент ба ёс зүй” номыг монгол хэлнээ орчуулан хэвлэж нийтийн хүртээл болголоо.
Илтгэл, мэдээлэл, зөвлөмжийн хэлбэрийг ашиглан гоц авьяастан, шилдэг мэргэжилтнүүдийг төрийн албанд урин ажиллуулах (headhunting), өөрийн байгууллага, салбарыг бүхэлд нь том зургаар нь харж, зорилго, зорилтоо тодорхойлон хийх ажлаа төлөвлөн удирдах (helicopter view), ажиллах хүчний төлөвлөлт хийж албан хаагчдын карьер хөгжлийн зураглалыг гарган хэрэгжүүлэх (succession plan), цахим засаглал (e-governance), хиймэл оюун ухаан (artificial intelligence), үйл ажиллагааны бүх талын оролцоотой үнэлгээ (360 degree feedback) зэрэг менежментийн онол, ойлголтуудыг төрийн албанд нэвтрүүлэв.
Төрийн албаны шинэтгэлийг системтэй, оновчтой, зөв хэрэгжүүлэхэд судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч арга зүй, бодлого, үйл ажиллагаа нэн чухлыг харгалзан төрийн албаны судалгааг өргөжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр онцгой анхааран ажиллав.
Сүүлийн 16 жил (2003-2019)-ийн хугацаанд төрийн албаны чиглэлээр Удирдлагын академийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангаар нэгдсэн сан бүрдүүлж, уг санг тус академиас 2020 онд ирүүлсэн 14 судалгааны бүтээлээр баяжууллаа. Мөн Удирдлагын академитай хамтран “Төрийн захиргааны албан хаагчийн мотивацийн өнөөгийн байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн судалгааг улсын хэмжээнд анх удаа нэгтгэн гаргалаа. Гадаад орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, техникийн туслалцаа, хөнгөлөлттэй зээл, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 40 байгууллагад давхардсан тоогоор 126 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийн зорилго, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хоорондын уялдаа холбоо, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо.
“Мерит” төсөл, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймгийн нийт төрийн байгууллагуудыг хамруулан хүний нөөцийн суурь судалгаа хийв. Хүний нөөцийн өнөөгийн байдал, тогтвор суурьшил, ажиллах хүчний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтийн үе шат, сургалт хөгжил, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, сэтгэл ханамж, ур чадварын зөрүүг тодорхойлох, бодлогын баримт бичгийг судалгаанд суурилан боловсруулах, хэрэгжүүлэхэд ашиглах зорилго бүхий энэхүү суурь судалгааны үр дүнг бусад аймгуудад үе шаттай хэрэгжүүлнэ.
Хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчны нэгэн илэрхийлэл болох “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олоход төрийн байгууллагуудад арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлж ажиллав.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, оновчтой, зөв зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” зөвлөмж гаргалаа. Гадаад орнуудын төрийн албаны төв байгууллагуудаас улс орондоо үүссэн онцгой нөхцөл байдалд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг анхааралтай судалж, өөрийн орны хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн боловсруулсан энэхүү зөвлөмжид онцгой нөхцөл байдалд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, харилцан дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн үйл ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдал, албан хаагчдын ажиллах нөхцөлийг хэрхэн зөв зохион байгуулах талаар арга зүйн зөвлөгөөг багтаасан юм.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, зөв, шуурхай зохион байгуулахад мэдээлэл-арга зүйн лавлагаа болгох, УИХ, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг төрийн албанд шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор цар тахлын талаарх олон улсын мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үе дэх төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, цахим хурлын аргачлал, хорио цээрийн дэглэмийн нөхцөлд сургалт, судалгаа зохион байгуулах, олон нийтийн уулзалт цугларалтын үед халдварын эрсдэлийг бууруулах санамж, зөвлөмжийг агуулсан “Ковид-19: төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлага бэлтгэн түгээж хэрэгжилтийг хангаж байна.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан Английн төрийн албаны талаарх судлаачдын бүтээлүүд “Ковид-19: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага” судалгааны материалаар танилцуулга мэдээ бэлтгэн нийтийн хүртээл болгов.
БНСУ-ын төрийн байгууллагуудаас “Ковид-19” цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагааны талаар бэлтгэсэн дэлгэрэнгүй тайланг монгол хэл дээр хөрвүүлэн төрийн байгууллагуудад цахим хэлбэрээр түгээлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран Зөвлөх хорооны цуврал уулзалтыг “Илүү сайхан ирээдүйг бүтээх нь” сэдвээр зохион байгуулж, шинэлэг логик, системийн хувьслын аргачлалаар шийдвэрлэх боломжийн талаар төрийн байгууллагуудын төлөөлөл, дотоодын болон олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөв.
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний нөөцийн менежментийн шилдэг арга, туршлагуудыг судлан нэвтрүүлэх замаар Монгол Улсын төрийн албыг орчин үеийн жишиг, шаардлагад хүргэн хөгжүүлэх судалгаанд суурилсан шинэтгэлийн бодлого, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллав.
Зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх үндсэн хүчин зүйлийн нэг болох төрийн албан хаагчийн ёс зүй, зан төлөв, хандлага, ур чадварын хүрээг албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр оновчтой тогтоох бэлтгэл ажлыг хангалаа. Английн Төрийн захиргааны хүрээлэн (PAI UK)-гийн зөвлөхүүд, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэдтэй хамтран төрийн албан хаагчид тавигдах нийтлэг ур чадварын хүрээг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлж, төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах ур чадварын шалгуур үзүүлэлтийг олон улсын түвшинд боловсруулж, төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, шатлан дэвшүүлэх тогтолцоонд ашиглахаар ажиллаж байна.
Төрийн албан тушаалд тавигдах хуульд заасан боловсрол, мэргэжлийн ур чадвараас гадна төрийн албан хаагчийн хувь хүний ёс зүй, зан төлөв, харилцаа, хандлагын үзүүлэлтүүдийг тусган ур чадварын хүрээг иж бүрнээр тодорхойлон мөрдүүлснээр мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд бодитой үр дүн гарна.
Тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулдаг төрийн албаны стандартын баримт бичиг болох “Албан тушаалын тодорхойлолт”-ыг хянан, батлах зөвшөөрөл олгох ажлыг тасралтгүй хийлээ.
2019 оны 8 дугаар сард эхлүүлсэн энэ ажлын хүрээнд нийт 21692 албан тушаалын тодорхойлолтыг хянан, батлах зөвшөөрөл олгосноор төрийн захиргааны бүх албан хаагчийг хуулийн шаардлага, төрийн албаны стандартад нийцүүлэн баталсан албан тушаалын тодорхойлолттой болгох ажлыг дуусгавар болгов. Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр байгууллагын бүтэц, албан тушаалын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орсон тухай бүрт зарим албан тушаалын тодорхойлолтыг шинээр хянан, батлах зөвшөөрөл олгож байна.
Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтэд хийх хүний нөөцийн аудит нь төрийн албаны шинэтгэлийн хүрээнд нэвтрүүлж буй цоо шинэ зохицуулалтын нэг бөгөөд төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын бүхий л үе шатуудад үнэлгээ хийх, оношлох замаар хүний хүчин зүйлээс үүдэлтэй гарч болох эрсдэл, давуу болон сул талыг илрүүлж, засч сайжруулах зөвлөмжөөр хангах үйл ажиллагаа юм.
“Мерит” төсөлтэй хамтран Төрийн албаны зөвлөлийн албан хаагчдыг хүний нөөцийн аудитороор системтэйгээр бэлтгэв. Мөн төрийн захиргааны төв, орон нутгийн бүх шатны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдад зориулсан цуврал сургалт явуулж, хүний нөөцийн аудитын онол, арга зүйн анхан шатны мэдлэг олгов.
Хүний нөөцийн аудитын үзэл баримтлал, Хүний нөөцийн аудит хийх журам, Хүний нөөцийн аудитын ёс зүйн журам, Хүний нөөцийн аудиторын ёс зүйн журам, Хүний нөөцийн аудит хийхэд ашиглах ажлын хүснэгтийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж гаргаснаар хүний нөөцийн аудит хийх эрх зүйн орчинг бүрдүүлэв.
Үндэсний аудитын газар, Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхим, МУИС-ийн Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүний нөөцийн судалгааны хүрээлэн, “Mogul consulting service” компани, IGS засаглал судлалын хүрээлэн, Хүний нөөцийн аудиторуудын холбоо, Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи, Гадаадад төгсөгчдийн холбоо зэрэг төр, хувийн хэвшлийн мэргэшсэн байгууллага, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгүүд хийж, төрийн албаны хүний нөөцийн аудитын үйл ажиллагааны ойлголтыг онол, арга зүйн хувьд нэгтгэв.
Ийнхүү эрх зүй, хүний нөөцийн болон үйл ажиллагааны бэлтгэлийг хангасны үндсэн дээр хүний нөөцийн аудит хийх удирдамж гарган төрийн байгууллагуудад нэвтрүүлж байна.
Тухайн албан тушаалд тавигдаж байгаа болзол шалгаруурыг хамгийн сайн хангасан хүнийг аливаа хөндлөнгийн нөлөөлөлгүй, нээлттэй, шударгаар сонгон шалгаруулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллав.
Улсын Онцгой Комиссын шийдвэр, ЗГХЭГ-ын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл тогтоол гаргаж, төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дэлгэмийг баримтлан цахим хэлбэрээр зохион байгуулав.
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын 402, гүйцэтгэх албан тушаалын 1486 сул ороны тооны сонгон шалгаруулалтыг тус тус зохион байгуулж, удирдах албан тушаалын 304 сул орон тоо буюу 75.6 хувь, гүйцэтгэх албан тушаалын 469 сул орон тоо буюу 31.6 хувийг хуулийн дагуу нөхлөө. Удирдах болон гүйцэтгэх албан тушаалын нөхөгдсөн нийт 773 сул орон тооны 62 нь мэргэшлийн шалгалтын нөөцөөс, 84 нь төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт /2019 он/ өгч тэнцсэн иргэдийн нөөцөөс, 627 нь бусад нөөцөөс тус тус нөхөгдөв.
Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 211 албан тушаалын сул орон тоог зарлаж, сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс 113 иргэн буюу 41.5 хувь нь тэнцэж, зарлагдсан сул орон тооны 53.5 хувь нь нөхөгдлөө.
Төрийн албаны шалгалтын дүн шинжилгээ хийх чадвар шалгах 452 сорил, мэдээллийн технологийн ур чадвар шалгах 200 сорил, Монгол Улсын түүх, соёл, нийгэм эдийн засгийн шалгалтын 700 сорил, даалгавар, монгол хэлний ярианы болон бичгийн чадвар шалгах 732 сорил, удирдан зохион байгуулах ур чадварын 70 сорил, хууль эрх зүйн мэдлэг шалгах 2059 сорилыг боловсруулах, магадлан шалгах ажлыг зохион байгуулж шалгалтын санг баяжуулав.
Аймаг, нийслэлийн Салбар зөвлөлүүд, төрийн байгууллагууд хамтран төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 дүгээр сард 6 хоногийн турш орон даяар зохион байгууллаа.
Мэдээллийн технологийг ашиглан олон улсад түгээмэл ашиглагддаг ном, сэтгүүлийн цахим платформоор дамжуулан шалгалтын сорилыг унших, өдөр тутам шинэчлэн байршуулсан онлайн тестийг бөглөж мэдлэг чадвараа урьдчилан сорих, шалгалтад бэлтгэх боломжийг иргэдэд урьдчилан олгосны зэрэгцээ иргэдээс ирүүлсэн саналыг харгалзан шалгалтын сорил, хариултыг ном болгон хэвлүүлж, хэвлэлтийн бодит өртгөөр хэрэглэгчдийн гар дээр хүргэв.
Бүртгэх, шалгах, дүгнэх зэрэг шалгалтын бүхий л процессыг бүрэн цахимжуулж, хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөлөлгүй, олон нийт, мэргэжлийн байгууллагуудын хяналтын дор ил тод, нээлттэй зохион байгуулсан ерөнхий шалгалтад үзүүлэх амжилт зөвхөн шалгалт өгч байгаа хүнээс өөрөөс нь шалтгаалдаг нөхцөлийг бий болголоо.
Ерөнхий шалгалтад нийт 16218 иргэн бүртгүүлснээс 12286 иргэн буюу 75.7 хувь нь шалгалтанд орж, нийт оролцогчдын 3823 буюу 31.1 хувь нь тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж, цаашид төрийн жинхэнэ албаны сул ороны тооны тусгай шалгалтад орох эрхтэй болов.
Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга замын талаар Үндэсний аудитын газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтнуудтай хамтарсан хэлэлцүүлэг хийж, хамтын ажиллагааны чиглэлээ тогтоов.
Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, энэ талаарх шүүхийн шийдвэрийн бүртгэл хөтлөх асуудлаар УЕПГ, ШЕЗ, ҮАГ, ХЗДХЯ, ШШГЕГ-тай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцдог боллоо. Үүний зэрэгцээ төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавих, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зохицуулалтыг тодорхой болгохтой холбогдуулан тусгайлсан журмын төслийг боловсруулав.
“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-аар тогтоосон хянан шийдвэрлэх маргааны харьяаллын дагуу төрийн албан хаагч, иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр 20 маргаан үүсгэж, маргаан хянан шалгах комиссын 12 дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн илтэд хууль зөрчсөн 5 захиргааны актыг хүчингүй болгож, 7 захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Төрийн албанаас хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн, албан тушаал бууруулсан 14 албан хаагчийг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилуулав.
“Итгэл даах төрийн албаны төлөө” уриан дор төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнд 525 хүн танхимаар, улсын хэмжээнд 4000 гаруй хүн цахимаар оролцов. Ёс зүйн зөвлөлийн ажиллах нийтлэг журмын төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын хөтөлбөр, гарын авлагын төсөлд зөвлөгөөнд оролцогчдын санал, ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийн үнэлгээ хийхэд шаардлагатай судалгааг авч нэгтгэн боловсруулав.
Төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл байгуулах, үйл ажиллагааны зохион байгуулалт, ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, төрийн албан хаагчид хариуцлага ногдуулахтай холбоотой харилцааг тодорхой болгох, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах үндэслэл шаардлагыг харгалзан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах нийтлэг журам”, төрийн байгууллагын “Ёс зүйн зөвлөлийн чадавхыг сайжруулах арга зүйн сургалтын хөтөлбөр” болон гарын авлагыг тус тус шинээр бэлтгэлээ.
Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн тайлан, судалгаанаас үзэхэд төрийн захиргааны болон нутгийн захиргааны 558 байгууллага, төрийн тусгай 213 байгууллага, төрийн үйлчилгээний 417 байгууллага, 6 төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 1193 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл /хороо/ байгуулагдан ажиллаж, 2020 онд 371 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд төрлөөр нь авч үзвэл 180 албан хаагч буюу 48.6 хувьд цалингийн хэмжээг 20 хүртэл хувиар бууруулах, 162 албан хаагч буюу 43.6 хувьд сануулах, 29 албан хаагч буюу 7.8 хувьд нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэжээ.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхээр ял шийтгэгдсэн төрийн албан хаагч болон шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасах ялаар шийтгүүлсэн иргэдийг улсын хэмжээнд бүртгэн, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлж байна. Мэдээллийн энэхүү сантай болсноор дээрх төрлийн ялаар шийтгүүлсэн этгээд хугацаанаас өмнө төрийн албанд томилогдох, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээд төрийн албанд эргэж орохоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон тус байгууллагын орон нутаг дахь нэгжээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзэхэд 2020 оны байдлаар шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасах ялаар шийтгүүлсэн 121 ялтан бүртгэгдсэн байна. Эдгээр ялтныг төрийн албанд ажиллуулж байгаа эсэхийг Хүний нөөцийн системээс нягтлан шалгаж, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд 1, төрийн улс төрийн буюу багийн Засаг даргын албан тушаалд ажиллаж байсан 2 хүнийг ажлаас нь тус тус чөлөөлүүлэв.
Төрийн албанд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг хуулийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалттай уялдуулан шинэчлэн боловсруулж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлан, захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлж эхэллээ.
“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”, “Төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэлийн, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шааардлага”-д тус тус өөрчлөлт оруулж, захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлж байна.
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд онцгой нөхцөл байдлын үед төрийн албаны хүний нөөцийн хангалтыг тасралтгүй явуулах нөхцөлийг хангахтай холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай шалгалтын түр журам боловсруулан Засгийн газраас санал авч батлан хэрэгжүүлэв.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 472 хуульд шүүлт хийж, төрийн албаны хүний нөөцийн томилгоо, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан салбарын зарим хуулиудын заалтыг Төрийн албаны тухай хуулийн үзэл санаа, хэм хэмжээнд нийцүүлэх санал, төсөл боловсруулав.
Төрийн албаны тухай хуулийн зорилго, зарчим, зохицуулалт, төрийн албаны шинэтгэлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төрийн албаны шинэтгэл” гарын авлагыг хэвлэн нийтэллээ. Гарын авлагад “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”, “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”, “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”, “Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж”, “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах талаарх авах зарим арга хэмжээний тухай” тогтоол болон төрийн албаны шинэтгэлийн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийн тавьсан илтгэл, ярилцлага, нийтлэлүүдийг оруулав.
“Шинэ он, шинэ хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалт, сургалтыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг оролцуулан 2020 оны 1 дүгээр сард зохион байгуулав. Төрийн албаны зөвлөлөөс 2020 онд баримтлах бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, төрийн албаны шинэтгэлийг хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцсэний зэрэгцээ ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, УБЕГ-ын даргын илтгэлийг сонсч, харилцан туршлага солилцож, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлов.
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийн ахалсан ажлын хэсгүүд Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Ховд аймаг, зарим сумдын ЗДТГ, төрийн байгууллагуудад ажиллаж, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, төрийн албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан санал хүсэлтийг нь сонслоо. Энэ ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд орон нутгийн төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хэрхэн хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн зөв, шуурхай хүргэх талаар болон Төрийн албаны тухай хууль, шинэтгэлийн бодлого, чадахуйн зарчим, шатлан дэвшүүлэх тогтолцоо, хүний нөөцийн үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгаа хийж, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөв.
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ажиллаж, төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцав. Төрийн албаны тухай хуульд заасан дүрэм, журмуудыг богино хугацаанд боловсруулан гаргасан, шинэтгэлийн зорилгыг сурталчлан таниулах, чадахуйн зарчим, шатлан дэвших тогтолцоог хэрэгжүүлэх, төрийн албаны шалгалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн, “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг өргөтгөн “Цалингийн нэгдсэн систем”-тэй мэдээлэл солилцох ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн албаны олон талт харилцааг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хийж ирлээ.
Төрийн албаны ерөнхий шалгалтын программыг өргөжүүлэн сайжруулж, тусгай шалгалтын программыг шинээр хөгжүүлж, ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан аппликейшн шинээр хийлгэж нэвтрүүлэв.
Өндөр хүчин чадалтай, орчин үеийн серверүүд авч Үндэсний дата төв байршуулсны дээр ерөнхий шалгалтын программын нэмэлт хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлэн техник, технологийн бэлэн байдлыг бүрэн хангалаа.
Төрийн албаны зөвлөлийн хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулан цахим хуралдаан хийх эрх зүйн орчинг бүрдүүлж, техник технологийн бэлэн байдлыг ханган цахим хуралдаан хийдэг боллоо.
Албан ёсны эрхтэй, 500 хэрэглэгч нэгэн зэрэг холбогдох боломжтой ZOOM программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр гадаад, дотоодын байгууллагуудтай цахим уулзалт, зөвлөлгөөн, сургалт хийх үйл ажиллагааг цахим горимд шилжүүлэн хэрэгжүүлж байна.
Дуу яриаг бичвэр хэлбэрт хувиргагч “Чимэгэ систем”-ийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаан, бусад үйл ажиллагаанд нэвтрүүлэн хуралдааны тэмдэглэл, шийдвэрүүдийг цаг алдалгүй шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэв.
Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Able программыг бүрэн нэвтрүүлсний зэрэгцээ Slack программыг ашиглан албан хаагчдын хооронд цахимаар мэдээлэл шуурхай солилцох боломжийг бүрдүүлэв.
Төрийн албаны зөвлөлийн удирдах албан тушаалнуудыг цахим гарын үсэг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсний зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр нийт албан хаагчдыг зөөврийн компьютерээр хангаж, гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлийг хангав.
Монгол хэлний дүрмийг агуулсан 60 сая орчим үүсмэл үгийн багтаамж бүхий үсгийн дүрмийн хувирал болон тайлбарыг үг тус бүрээр харах боломжтой "Болор дуран" программыг нийт албан хаагчдын компьютерт суулган үйл ажиллагаандаа хэрэглэж байна.
Төрийн албаны тухай хуулийг бүрэн хүчин чадлаар нь хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хууль тогтоомжийг зөв хэрэглэхтэй холбоотой асуудлаар нийт 8 зөвлөмж гарган төрийн байгууллагуудад хүргүүллээ.
Коронавирусын халдвар (“Ковид-19”)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, оновчтой, зөв зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” зөвлөмж бэлтгэн гаргалаа.
Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлттэй холбогдуулан төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад орж томилогдсон бүх шатны ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахыг бүх шатны Засаг дарга нарт чиглэл болгосон зөвлөмжийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэв.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, сахилга, хариуцлагыг сайжруулах, ажлын байрны дарамтгүй орчин бүрдүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” зөвлөмж боловсруулан баталж Төрийн албаны салбар зөвлөл болон төрийн нийт байгууллагуудад хүргэв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд төрийн байгууллагын удирдах албан тушаалтан нэр дэвших харилцаатай холбогдуулан “Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах тухай” хууль хэрэглээний зөвлөмж боловсруулан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нарт хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршууллаа. Төрийн албаны сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулахтай холбоотой асуудлаар зөвлөмж гаргав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилохдоо Төрийн албаны тухай хуулийг чанд баримталж, төрийн албаны тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт зориулсан зөвлөмж гаргалаа.
“Өндөр насны тэтгэвэртэй холбогдох харилцааны тухай” зөвлөмж гаргаж, төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас, тэтгэвэр тогтоолгосны дараа төрийн албанд ажиллах нөхцлийн талаар нэгдсэн ойлголт өгөв.
Төрийн албан хаагчийг төрийн албанд анх томилогдсоноос эхлэн тасралтгүй сургаж хөгжүүлэх, шатлан дэвшихэд нь тухайн албан тушаалыг эрхлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн мэргэшүүлэх сургалтын тогтолцоог нийт төрийн албанд хэвшүүлэн мөрдүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 31, эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 159, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 2530 төрийн албан хаагчид, төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалтад 643, мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад 473, төрийн албан хаагчийн мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад 571, зорилтот богино хугацааны сургалтад 1058 төрийн албан хаагч Удирдлагын академид тус тус суралцаж төгслөө.
Төрийн байгууллага, албан хаагчдаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу төрийн албаны тухай хууль, шинээр батлагдан гарсан дүрэм журмууд, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн зөв хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүргийн нийт 525 төрийн байгууллагад арга зүйн сургалтуудыг зохион байгуулж, давхардсан тоогоор 2108 албан хаагчийг хамруулав.
Мөн түүнчлэн “Шинэ он, шинэ хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалт, Төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөгөөн, “” Хүний нөөцийн аудитын үндэс”, “Хүний нөөцийн системийн шинэчлэлт ба хамтын ажиллагаа” зэрэг удирдах ажилтнуудын болон улсын хэмжээний сургалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулав.
Төрийн албаны шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийн нэг болох мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах үйл явцын хүрээнд “Хүний нөөцийн удирдлагын системийг боловсруулах, нэвтрүүлэх, тогтвортой ажиллагааг хангах суурь судалгаа”-ны тайланг хүлээн авч, хүний нөөцийн одоогийн системийг үе шаттай шинэчлэн хөгжүүлэх ажлыг эхлүүлж, системийн ерөнхий шийдэл, суурь платформыг шинээр боловсруулж, статистик тайлан, бүрэлдэхүүн хөдөлгөөний өөрчлөлт, бүртгэлийг шинэчиллээ.
Сангийн яамны цалингийн нэгдсэн системтэй мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээр өнөөдрийн байдлаар 4355 байгууллага 182171 төрийн албан хаагчийн цалин хөлсийг Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн системд үндэслэж тооцон олгож байна. Энэхүү системийн тусламжтайгаар төрийн байгууллагуудын орон тооны төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавьж, илүү орон тоогоор ажиллуулах, хууль бус томилгоо хийх явдлыг бүрэн арилгах боломжтой болж байна.
НҮБ-аас төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөл идэвхтэй оролцож ирлээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 2003 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 23-нд тэмдэглэж буй хөгжлийн үйл явцад төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг НҮБ-ын төрийн албаны өдрийг энэ жил “Ковид-19” цар тахалтай тэмцэх ажлын тэргүүн эгнээнд ажиллаж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх уриан дор тэмдэглэж, НҮБ-ын төрийн албаны форумд виртуал хэлбэрээр оролцлоо.
БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны сайдын урилгаар Төрийн албаны зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийж, тус улсын Хүний нөөцийн удирдлагын яам, Маргаан хянан шалгах газар, Сонгон шалгаруулалтын институт, Төрийн албаны сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, мэдлэг, туршлага солилцон, улмаар Монгол Улсад зөвлөх ажиллуулах, Монгол Улсын төрийн албан хаагчдыг БНСУ-д сургах, төрийн албаны шинэтгэлийн үр дүнд судалгаа хийх зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар тогтов.
Бүгд Найрамдах Чех Улсын төрийн албаны төв байгууллагатай хамтын ажиллагаагааны эх үндсийг тавьж, Европын холбооноос явуулж буй төрийн албаны шинэтгэлийн ололт амжилтыг Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн үйл явцад нэвтрүүлэх боломжийг өргөжүүлэх талаар яриа хэлэлцээр хийж эхэллээ.
Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийг дэмжиж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг үйл ажиллагааны өргөн цар хүрээгээр хэрэгжүүлж байна.
БНСУ, Японы улсуудын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, ЖАЙКА зэрэг газруудтай төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж бэлтгэх, сайн туршлагуудыг судлан нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллалаа.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ