Төрийн албаны зөвлөл
2015-04-09
Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм.
Улсын Их Хурал 1994 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр "Монгол Улсын Төрийн албаны тухай хууль" -ийг баталж, энэ хуулийг 1995 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсөнөөр төрийн албаны төв байгууллага “Төрийн захиргааны албаны зөвлөл”-ийн үйл ажиллагаа эхэлсэн юм.
Манай байгууллага нь 1995-2002 он хүртэл "Төрийн захиргааны албаны зөвлөл" нэртэйгээр ажиллаж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын асуудлыг эрхлэхийн зэрэгцээ төрийн албаны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, төрийн захиргааны албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, маргааныг шийдвэрлэх, төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтны талаар дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн захиргааны албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх, сургалт, хөгжлийн асуудлыг зохицуулан, арга зүйн удирдлагаар хангах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн байна.
2002 оны зургадугаар сард Улсын Их Хурлаас “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хууль, “Төрийн албаны тухай” хуулийг шинэчлэн баталснаар “Төрийн захиргааны албаны зөвлөл" нь “Төрийн албаны зөвлөл” болон өөрчлөгдөж үйл ажиллагаа нь улам өргөжин тэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2008 оны тавдугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан нь Төрийн албаны төв байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны хүрээ өргөжин, Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг түргэтгэхэд ихээхэн чухал түлхэц болсон юм.
“Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Төрийн албаны зөвлөлийн өмнө гүйцэтгэж байсан чиг үүрэг шинэчлэгдэн, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжуудын биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон юм.
Удирдлага
“Төрийн албаны тухай” хуулийн 34 дүгээр зүйлийн 3-т "Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийн 3 нь орон тооны, 4 нь орон тооны бус байна" гэж заасан юм.
Энэхүү хуульд заасны дагуу 1995 онд Зөвлөлийн орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газраас Халтарын Шаандар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ламзавын Лингов, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Намжилдоогийн Чадраабал нарыг тус тус нэр дэвшүүлжээ. Нэр дэвшүүлсэн хүмүүсийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцээд " Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилох тухай" Улсын Их Хурлын 1995 оны долдугаар сарын 3-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Ламзавын Лингов, Намжилдоогийн Чадраабал, Халтарын Шаандар нарыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр, "Төрийн захиргааны албаны зөвлөлийн даргыг томилох тухай" Улсын Их Хурлын 1995 оны долдугаар сарын 4-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор Ламзавын Линговыг Зөвлөлийн даргаар тус тус томилсон байна.Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны бус анхны гишүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга М.Энхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ринчиндорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Банзрагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч. Дашням, нар байлаа.
Улсын Их Хурлын 2002 оны долдугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Намжилдоогийн Чадраабал, Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлсэн Багаажавын Өнөбаатар нарыг Зөвлөлийн орон тооны гишүүнээр, 2002 оны долдугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлсэн Жамбын Норовсамбууг Зөвлөлийн даргаар тус тус томилжээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүдээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Очирбат, Б.Чойжилсүрэн, Ч.Сайнбилэг, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Л.Хангай, Ж.Сүхбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, нар ажиллаж байв.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталснаар Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрх өргөжсөн билээ. Энэ үед Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэн бөгөөд 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Дорждамбын Зүмбэрэллхам, Улсын Их Хурлын Тамгын газраас Багаажавын Өнөбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дашбалбарын Батбаяр нарыг нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн даргаар Дорждамбын Зүмбэрэллхамыг, орон тооны гишүүнээр Дашбалбарын Батбаяр, Багаажавын Өнөбаатар нарыг томилжээ. Тухайн үед Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга С.Чинзориг, Ч.Сайнбилэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар ажиллаж байв.
Төрийн албаны зөвлөлийн удирдлагын бүрэлдэхүүн 2013 онд шинэчлэгдэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Балтавын Цогоо, Улсын Их Хурлын Тамгын газраас Даваанямын Даваа-Очир, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Тогмидын Хадхүү нарыг нэр дэвшүүлж, УИХ-ын 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Зөвлөлийн даргаар Балтавын Цогоог, орон тооны гишүүнээр Даваанямын Даваа-Очир, Тогмидын Хадхүү нарыг тус тус томилжээ. Төрийн албаны Зөвлөлийн орон тооны бус гишүүдээр Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар ажиллаж байв.
Төрийн албаны зөвлөлийн удирдлагын бүрэлдэхүүн 2016 онд өөрчлөлт орж, УИХ-ын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор орон тооны гишүүнээр Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарыг тус тус томилжээ.
Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны Зөвлөлийн орон тооны бус гишүүдээр Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй /2017 оны 10 дугаар сарын 02 хүртэл/ Г.Байгалмаа /2017 оны 12 дугаар сарын 01-нээс/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар ажиллаж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (дэд дарга):
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга:
Төрийн албаны зөвлөлийн танилцуулга ном энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү.