Төрийн Албаны Зөвлөлийн “7:4:10” ээлжит арга зүйн сургалт “Алдаа дутагдлыг шийдвэрлэх нь” сэдвээр 2022 оны 3 сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, яам, агентлаг, аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, холбогдох албан хаагчид нийт 2100 гаруй хэрэглэгчийн эрхээр нэвтэрч хамрагдлаа.
Сургалтын агуулга нь ажилтнуудыг хэрхэн идэвхжүүлэх, чадварлаг ажилтныг тогтвортой ажиллуулах, багийн ажиллагаа, ажлын гүйцэтгэл, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, мөн харилцааны арга хэрэгслүүдийг ашиглан алдаа дутагдлыг яаж үр дүнтэй шийдвэрлэх талаар мэдээлэл өгөхөд чиглэсэн байв.
Дэйл Карнэги сургалтын төвийн ахлах сургагч багш А.Даваасүрэн сургалтыг удирдан явуулав. Удирдагч хүн харилцааны арга барилыг ашиглан алдаа дутагдлыг үр дүнтэй шийдвэрлэж, чадварлаг ажилтан болон багийн эрч хүчийг тогтвортой хадгалахын тулд асуудал, нөхцөл байдалд мэргэжлийн үүднээс хандаж, байж болохуйц алдааг зөв зохицуулан хяналтдаа авч асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшсэн байх хэрэгтэй.
Түүнчлэн бусдын алдаа дутагдлыг шийдвэрлэхдээ тэдний нэр хүндийг хамгаалж, цаашид ахиж дэвших боломж олгох нь зүйтэй гэдгийг онцолж, “Алдаанаасаа суралцаж, өөр аргаар дахин оролддог хүн амжилттай байдаг” гэсэн Дэйл Карнэгийн үгээр сургалтыг өндөрлүүллээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс сургалтыг хаан дүгнэж хэлэхдээ: Дэйл Карнэги сургалтын хөтөлбөр нь маш өргөн хүрээний агуулгатай, гүнзгийрүүлэн судлах зүйл ихтэй, арга аргачлал сайтай байдаг. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд ёс зүй, харилцаа, хандлагын өөрчлөлт, бүтээмжийг дэмжих зорилгоор хүргэж байгаа эдгээр сургалтууд маань та бүхний өдөр тутмын ажилд хувь нэмэр оруулж, харилцаа, хандлагаа эерэгээр өөрчлөхөд дэм болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үйл ажиллагаа, харилцаандаа нээлттэй, эерэг харилцааг бий болгож, үр дүнтэй ажиллах боломжоо байнга эрэлхийлэн ажиллахыг зөвлөв.
Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг дараах 3 асуудалд анхаарч үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахыг чиглэл болголоо. Тухайлбал:
Сургалтад оролцож хандлага, соёлын өөрчлөлт гаргаж байгаа нийт төрийн албан хаагчид, удирдах албан тушаалтнуудад Төрийн албаны зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлснээр сургалт өндөрлөв.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ