Төрийн албаны зөвлөл “7:4:10” арга зүйн сургалтаа “Төрийн байгууллагын бүтээмж” сэдвээр 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, яам, агентлаг, аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, холбогдох албан хаагчид нийт 1800 гаруй хэрэглэгчийн эрхээр нэвтэрч хамрагдлаа.
Монголын бүтээмжийн төвийн дэд захирал, Азийн бүтээмжийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч Ц.Батбилэг сургагч багшаар оролцож, төрийн байгууллагын бүтээмжийн талаарх ойлголтоос гадна тулгарах сорилтууд, түүнийг даван туулах стратеги, бүтээмжийг сэргээх бодлого, менежмент, үйл ажиллагааны процессоо сайжруулах, хөрөнгө оруулалтаа сайжруулах зэрэг асуудлаар Азийн бүтээмжийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурласан онолын мэдээлэл өглөө.
Хөрөнгө оруулалт шаардахгүй зохион байгуулалтын ажлуудаа хийж, дараагийн хөрөнгө оруулалтын буюу дижитал шилжилтийн асуудлаа шийдвэрлэх гарц, шийдэл, үр нөлөө, бүтээмжийн талаар Филиппин, Солонгос, Шри-ланка, Сингапур, Канад зэрэг улс орнуудын туршлагаас суралцахыг зөвлөлөө.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс сургалтыг дүгнэж хэлэхдээ “Төрийн бүтээмжийн зорилго, зорилт тодорхойлогдсон цаг үед сэдэл, санаачилгыг дэмжих зорилгоор сургалтыг явууллаа. Багшийн хичээлд туршлага болох санаанууд дурдагдсан бөгөөд бидэнд гадаад орны туршлагаас гадна дотоод нөөц боломж байна. Азийн бүтээмжийн байгууллагын төлөөлөл энэ байгууллагаас бид шинэ ноу хау, шинэ мэдлэгийг хүлээн авлаа. Төрөөс бүтээмжийн эрх зүйн орчин, бодлогыг тодорхойлсон энэ үед хөрөнгө мөнгө шаардахгүй илүү үр дүнд хүрч болох бодлогын манлайлал үзүүлж, дотоод үйл ажиллагаандаа ахисан түвшнийг хэрхэн үзүүлэх вэ гэх арга аргачлалтай боллоо” гэж онцлов.