Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалт энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар нэгэн зэрэг эхэлж, иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн албаны ахмад ажилчид, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн байгууллага, холбоод, олон нийтийн хяналт, хамтын хүчээр зохион байгуулагдлаа.
Энэ удаа 6480 иргэн мэдлэг чадвараа сорин шалгалтад оролцож, 2198 иргэн буюу нийт оролцогчдын 33.9% нь тэнцсэн байна.
Иргэдийн шалгалтад тэнцсэн байдал нь өмнөх онтой харьцуулахад 2.8%-аар өссөн нь иргэдийн шалгалтад хандах хандлага, бэлтгэл, мэдлэг чадвар өсөн нэмэгдэж байгааг илтгэж байна.
Шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноо буюу 100 оноо авч тэнцсэн 2 иргэн Улаанбаатар хот болон Хэнтий аймагт шалгалт өгсөн иргэд байсан ба насны ангиллаар авч үзвэл 51 нас буюу дунд үеийн төлөөлөл, 21 нас буюу залуу үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд байна. Мөн харааны бэрхшээлтэй иргэд амжилт үзүүлж, шалгалтад тэнцэх эсэх нь зөвхөн тухайн хүний мэдлэг чадвараас шууд хамаарахыг нотлон харууллаа.
Төрийн албаны зөвлөл ээлжит хуралдаанаараа Төрийн албаны Ерөнхий шалгалтын Төв комиссын шалгалт зохион байгуулсан тухай тайланг хэлэлцэж, шалгалтад тэнцсэн 2198 иргэнийг ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦ-д бүртгэлээ.