Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны болон Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланг Улсын Их Хуралд 2021 оны нэгдүгээр улиралд багтаан хүргүүлсэн билээ.
Төрийн албаны зөвлөлөөс тайлант онд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн зорилтуудтай уялдуулан төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн сэтгэл ханамж, хүлээлтэд хүрч ажиллах, хүрсэн түвшинг ахиулах, үйл ажиллагааг цахимжуулах, төрийн албан хаагчийн сэтгэл зүйг дэмжих, харилцаа хандлагыг сайжруулах, цар тахлын хүндрэлийг даван туулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллалаа.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааг 5 чиглэлээр шинэтгэлийн агуулгатай 21 онцлох үр дүнд хүрлээ.
Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагааг төрийн 4206 байгууллагад 208864 төрийн албан хаагч хэрэгжүүлжээ. Эдгээрийн 130723 буюу 62.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Төрийн нийт албан хаагчдын тоо Монгол улсын нийт хүн амын 6.3 хувь, ажиллах хүчний 17.1 хувь байв. Төрийн албан хаагчдын тоог 2020 онтой харьцуулахад 3853-аар буюу 1.9 хувиар өссөн дүн гарлаа. Энэхүү өсөлт нь төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд төрийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэхээр шинээр байгуулагдсан 28 цэцэрлэг, 4 сургууль, 6 эмнэлэг, үндэсний үнэт зүйл, өв соёлоо дээдлэх, иргэдийг соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий 11 байгууллага, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 19 агентлаг, Шүүхийн сахилгын хороо, МОНЦАМЭ агентлаг зэрэг 70 байгууллага шинээр бүртгэгдсэнтэй холбоотой байна.
Төрийн албан хаагчдын тоог байгууллагын төрлөөр авч үзвэл төрийн төв байгууллага, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагуудад 39496 буюу 18.9 хувь, төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудад 46858 буюу 22.4 хувь, төрийн үйлчилгээний байгууллагуудад 122510 буюу 58.7 хувь нь тус тус ажиллаж байна.
Төрийн албан хаагчдын насны бүтцийг авч үзвэл 21 хүртэлх насны бүлэгт 0.3 хувь, 22-25 насны бүлэгт 7.6 хувь, 26-30 насны бүлэгт 14.5 хувь, 31-35 насны бүлэгт 18.2 хувь, 36-40 насны бүлэгт 12.3 хувь, 41-45 насны бүлэгт 13.9 хувь, 46-50 насны бүлэгт 11.1 хувь, 51-55 насны бүлэгт 10.9 хувь, 56-60 насны бүлэгт 4.1 хувь, 61-аас дээш насны бүлэгт 7.1 хувь нь хамаарч байна. Төрийн албанд ажиллагсдын дундаж нас 39,21 болж өмнөх оноос 0.84 пунктээр багассан байна.
Та бүхэнд дараах QR кодыг гар утсаараа уншуулж Төрийн албаны зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны болон Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлантай цахимаар танилцана уу.