Төрийн албаны зөвлөл санаачлан нэг өдрийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалтад Удирдлагын академийн эрдэмтэн доктор, профессор багш нарын баг “АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ХООРОНДЫН УЯЛДАА сэдвээр Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчдад мэдээлэл өгч, бодлогын баримт бичигтэй холбоотой асуудлаар санал солилцов.
“Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч хүрэхгүй. Алсын хараагүй ард түмэнд дэг журам гэж үгүй гэсэн” үг бий. Иймээс Монгол Улс 2050 он гэхэд хаана хүрсэн байх вэ, ямар түвшинд ард түмэндээ үйлчилдэг болох вэ гэдгийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан билээ.
Идэвхтэй сургалтын арга зүйд тулгуурласан сургалтын үеэр урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт хоорондын уялдааг авч үзсэний зэрэгцээ бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг өөрийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэгтэй холбон багаар ажиллах дасгал гүйцэтгэн хэлэлцүүлэг өрнүүлэв.
Төрийн байгууллагууд “Алсын Хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах нь чухал гэдгийг сургагч багш нар хэлж байв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг сургалтыг хааж хэлэхдээ харилцан мэдээлэл солилцож, хамтран ажилласан өвөрмөц арга зүйтэй сургалт болсныг тэмдэглээд “Хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх манлайлагчид нь Төрийн албаны зөвлөлийн албан хаагчид юм” хэмээн онцоллоо.