Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Канад улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн-төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Хүний нөөцийг мэргэшүүлэх суурь сургалт”-ыг 2022 оны 05 сараас 12 дугаар сарын хооронд зохион байгуулна.
Энэхүү сургалтыг Англи улсын Лондон хотод төвтэй “Хүний нөөцийн хөгжийн институт” (Chartered Institute of Personnel and Development) байгууллагатай хамтран зохион байгуулах ба Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийт 20 албан хаагч нь тус байгууллагаас тавьсан шаардлагыг хангаж, сургалтдаа хамрагдахаар бэлтгэж байна. Уг сургалт нь нийт 285 цагийн багтаамжайгаар цахим хэлбэрээр хөтөчтэй шууд зохион байгуулагдахаас гадна бие даан суралцах, сурч мэдсэнээ практикт нэвтрүүлэх зэрэг дадлага ажлын бүрэлдэхүүнтэй.
Сургалтыг тус институтын хүний нөөцийн удирдлага, сургалт хөгжлийн чиглэлээр мэргэшсэн, ажлын арвин туршлагатай зөвлөх багш нар чиглүүлэн зохион байгуулах ба амжилттай төгсөгчдөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хугацаагүй, мэргэшлийн гэрчилгээ олгохын зэрэгцээ тус байгууллагын 100 гаруй жилийн түүхтэй мэдлэгийн санд нэвтрэх эрхтэй гишүүн болох юм.
Мөн суралцагчид нь төрийн албаны хүний нөөцийн удирдлагын сургагч багш нарыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургагч багшаар ажиллах зэргээр сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа бусад төрийн албан хаагчдад түгээж, Төрийн албаны зөвлөлтэй үр дүнтэй хамтран ажиллана.
Дээрх сургалтыг зохион байгуулсанаар хүний нөөцийн удирдлагын чиг үүргийн хүрээнд төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, ур чадварыг сайжруулах, төрийн албаны хүний нөөцийн хэмжээнд олон улсын жишиг туршлага, стандартыг нэвтрүүлэх бэлтгэл хангах, улмаар мэргэшсэн, тогтвортой, иргэн-төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.
Дашрамд дурдахад, төрийн албаны шинэтгэлийн үзэл баримтлалыг төрийн байгууллага, албан хаагч нэг бүрд хүргэж ажиллах гол оролцогч болсон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулахад чиглэсэн сургалтуудыг Төрийн албаны зөвлөл болон төслийн зүгээс хамтран 2021 оноос зохион байгуулж байгаа бөгөөд “Цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага”, “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” зэрэг сургалтад нийтдээ 400 гаруй хүний нөөцийн мэрэгжилтнүүдийг хамруулаад байна.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хүний нөөцийн хөгжлийн институтийн цахим хуудас (https://www.cipd.co.uk) –аас авах боломжтой.