ЖАМБЫН НОРОВСАМБУУ
/1942-2022/
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга агсан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Норовсамбуу 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, ахан дүүс, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ховд аймгийн Дарви суманд 1942 онд төрсөн Ж.Норовсамбуу нь аймгийнхаа 10 жилийн сургуулийг төгссөний дараа Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн суралцаж малын их эмчийн мэргэжлээр төгссөн бөгөөд хожим ЗХУ-ын Москва хот дахь Нийгмийн ухааны академийг дүүргэсэн ХХ зууны монголын хөгжилд хувь нэмрээ оруулсан тэргүүлэх сэхээтний нэг байлаа.
Ж.Норовсамбуу нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу орон нутгаас буюу Дорнод аймгийн Баянтүмэн сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга бөгөөд ерөнхий эмчийн албан тушаалд шатлан дэвшиж ажиллахдаа салбарынхаа шилдэг мэргэжилтэн, сайн зохион байгуулагч, санаачлан манлайлагч болохоо харуулсан юм.
Тэрбээр 1965-1978 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга бөгөөд Ононгийн сангийн аж ахуйн дарга, 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн Сант сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга бөгөөд Цагаантолгойн сангийн аж ахуйн дарга, 1980-1982 онд, БНМАУ-ын Сангийн аж ахуйн яамны орлогч сайдаар ажиллах хугацаандаа үндэсний газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан, үлгэрлэн түүчээлэгч, шилдэг менежер, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн төрийн албан хаагч байсан юм.
Төр захиргаа, аж ахуйн ажлын арвин туршлага, эдийн засаг, улс төрийн өргөн мэдлэг, өөрчлөлт шинэчлэлийг санаачлагч авьяас чадварыг нь сорьж түүнийг 1984-1986 онд Ховд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, 1986-1990 онд Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилон ажиллуулсан ба энэ хугацаанд тэрээр орон нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргасан, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн нутгийн захиргааны шилдэг удирдагч гэдгээ нотлон харуулсан.
Ж.Норовсамбуу Ардын Их Хурлын XI дэх удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар, 1991-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлах, эрх зүйт төрийн тулгуур багана болох анхны томоохон хуулиудыг батлан гаргахад биечлэн оролцож парламентат ёсны төлөвшил хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан Монгол төрийн тулхтай зүтгэлтэн билээ.
Ж.Норовсамбуу 2000-2008 онд Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн даргаар тус тус ажиллахдаа төрийн албаны тухай хууль тогтоомжийг шинэчлэх, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги, төрийн албаны шинэтгэлийн эрх зүйн баримт бичиг боловсруулах ажлыг удирдаж, төрийн албаны төв байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсэн төрийн албаны тэргүүн зэргийн түшмэл юм.
Төр засгаас Ж.Норовсамбуугийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан”, Хүнс, хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.
Монгол төрийн тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, эгэл даруухан, эелдэг нөхөрсөг эрхэм хүмүүн Таны эрдэм боловсрол, мэдлэг чадвар, ажил амьдралын дундаршгүй туршлага, бусдын тусыг эгнэгт хичээгч, зарчимч шударга, үлгэрлэн манлайлагч зан чанар ирээдүй хойч үеийнхний бахархал дуурайл болон мөнхөд дурсагдах болно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
Б.Баатарзориг, С.Цэдэндамба, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс, Д.Зүмбэрэллхам, Б.Цогоо, Н.Чадраабал, Х.Шаандар, Б.Өнөбаатар, Д.Батбаяр, Д.Даваа-Очир, Т.Хадхүү, Г.Билгүүн, Ж.Эрдэнэбат, Т.Сосорбарам, Ч.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдагва