Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, төгөлдөржүүлэх бодлогын хүрээнд Канад Улсын “Мерит” төсөлтэй хамтран “Ур чадварт суурилсан хүний нөөцийн бүрдүүлэлт, зан төлөвт суурилсан сонгон шалгаруулалт” сэдэвт сургалтыг 2022 оны 5 дугаар сарын 26, 27, 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
“Мерит” төслийн хүний нөөцийн зөвлөх хатагтай Мишелл Карлзен тус сэдвийн хүрээнд Канад Улсын төрийн алба болон олон улсад хүний нөөцийн чиглэлээр 30 гаруй жил мэргэшин ажилласан туршлагаасаа хуваалцаж, санал солилцон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын албан хаагчид оролцож, зөвлөгөө, мэдээлэл сонсож, суралцахын зэрэгцээ харилцан туршлага солилцож, цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, сургалтын үйл ажиллагаа, хүрээг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг зан төлөвт суурилсан олон улсын арга туршлагатай зэрэгцүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүллээ.
Төслийн зөвлөх хатагтай Мишелл Карлзен саналыг талархан хүлээн авсан бөгөөд Монгол Улсын төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж байгааг онцлон тэмдэглэж, өөрийн туршлага мэдлэгийг хуваалцаж, бүх талаар хамтран ажиллах боломжтой тухайгаа илэрхийлсэн юм.