Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн-төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран Хэнтий аймгийн бүх шатны боловсролын байгууллагын Ёс зүйн зөвлөлийнхөнд зориулан “Төрийн албаны үнэт зүйл – Боловсролын салбар” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Гантулга болон Хэнтий аймгийн бүх шатны боловсролын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн гишүүд, багш, ажилтнууд оролцож байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлэлцүүлгийг нээж, тус аймгийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, багш, ажилтны ёс зүйн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн цахимаар мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ боловсролын салбарын шинэтгэлийн талаар болон тус яамнаас 2022 оныг “Боловсролын салбарын ёс зүйн жил” болгон зарлаж, энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн онцлог ажлын талаар мэдээлэл өглөө.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг цахимаар Төрийн албаны болон Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ болон төрийн албаны шинэтгэлийн талаар товч танилцуулж, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль анх удаа УИХ-аар хэлэлцэгдэх үед ёс зүйн сургалт Хэнтий аймагт зохион байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэлээ.
Тус хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгоны бүх шатны боловсролын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн нийт 150 гаруй албан хаагч оролцож байгаа бөгөөд төрийн албаны үнэт зүйлс, үндсэн зарчим, сэтгэлгээний болон зан үйлийн өөрчлөлт, хэвшмэл хандлага, цогц чадамж зэрэг сэдвээр цааш үргэлжилнэ.