2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөл Жендэрийн үндэсний хороотой төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, тэдгээрийн үйл явц, үр дүнг харилцан мэдээлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны стратеги боловсруулах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албанаас хийж гүйцэтгэж байгаа ажил, цаашид хамтран ажиллахад анхаарах 4 чиглэл болон түүнийг хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ. Төрийн албаны зөвлөлөөс 2021 онд боловсруулан баталсан Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн 2021-2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө болон үйл ажиллагааны явцыг эрчимжүүлэх хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох санал солилцлоо.
Энэ төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотын хэрэгжилтийг хангах, жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажлын байрны аливаа дарамтыг үл тэвчих орчинг бий болгох тэргүүлэх чиглэлүүдээр төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн тогтолцоо, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн албаны хүний нөөцийн мэдээллийн системд жендэрээр ангилсан мэдээлэл, өгөгдлийг бий болгон, шийдвэр гаргах үйл явцад хяналт тавих, Төрийн албан дахь ажлын байрны дарамтын эсрэг мэдлэг хандлагыг дээшлүүлэн, түүнээс урьдчилан сэргийлэх, ангид байлгахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг 5 зорилт бүхий 12 үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж эхлээд байна. Төлөвлөгөөтэй энд дарж танилцана уу.
Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, гишүүн С.Цэдэндамба, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албан хаагчид болон Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр,Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С. Батцэцэг, холбогдох бусад албан хаагчид тус тус оролцсон.