Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү уулзалт-хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн гишүүд, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга, ажилтнууд оролцлоо.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг уулзалт, хэлэлцүүлгийг нээж, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, цаашдын чиглэл, Төрийн албаны зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өөрчлөлтийн удирдлага зэргийг танилцуулав. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун төрийн албан хаагчийн ёс зүйн онцлог, хууль тогтоомжийн шинэтгэл, Ёс зүйн зөвлөлийн ажиллах нөхцөл зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн байна.
Уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид сэтгэлгээний өөрчлөлт, байгууллагын соёл, төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн “зөөлөн” менежмент, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн байдлын талаарх судалгаа зэрэг чиглэлээр мэдээлэл, туршлага солилцлоо.