Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 21 дэх удаагийн хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн албаны зөвлөлийн “Инновац” танхимд болов.
НҮБ-ын төрийн албаны өдрийг угтах ажлын хүрээнд Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Жайка байгууллагын Монгол дахь үйл ажиллагааны 25 жилийн ойг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлөөс энэхүү ёслолын арга хэмжээг зохион байгуулсан онцлог байв.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, Эдийн Засгийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд, Японы Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, Японы хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын суурин төлөөлөгч, JDS тэтгэлэгт хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүд, 2022 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 15 төрийн албан хаагч оролцлоо.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төрийн албан хаагч, түүний ажиллаж байгаа төрийн байгууллагын эрх үүргийг тодорхойлж, JDS хөтөлбөрийн зүгээс сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлж, хяналт тавихаар харилцан зөвшөөрсөн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан юм.
Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 20 жилд төрийн болон хувийн хэвшлийн 384 албан хаагчийг Японы их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт сургаж манай улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан байна.
Оролцогсдод хандан JDS тэтгэлэгт хөтөлбөрийн мөн чанар, хүний хөгжлийг дэмжих зорилго, Монгол Улсын хөгжилд дэвшилд оруулах хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Японы Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Кикүма Шигэрү, “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар үг хэллээ.