Төрийн албаны зөвлөл, НҮБХХ-өөс Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Үр дүнд чиглэсэн, цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд цогц чадамж (мэдлэг, ур чадвар, хандлага) -ийн хүрээг төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага, сонгон шалгаруулалт, ажлын гүйцэтгэл, сургалт хөгжлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар судлах, санал солилцох зорилготой уг арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүн С.Цэдэндамба, Д.Баатарсайхан, тус зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид болон төслийн ажилтнууд оролцов.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хэлэлцүүлгийг нээж, цогц чадамжийн хүрээг нэвтрүүлэхдээ нэгдсэн ойлголт, үзэл баримтлалаар хандах, төрийн албаны тогтолцоо, хүний нөөцийн удирдлагын чиг үүргийн дагуу иж бүрэн авч үзэхийг онцлон хэлсэн. Мөн тус зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан цогц чадамжийн хүрээг нэвтрүүлэхдээ судалгаа тооцоотой хандах, үүсэж болзошгүй эрсдэлийг тооцох, эрсдэл, маргаан дагуулахгүй байхад анхаарах нь чухал болохыг тэмдэглэв.
Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг цогц чадамжийн хүрээг хууль тогтоомжийн хүрээнд нэг мөр ойлгож нэвтрүүлэх, төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шатанд чиглэн иж бүрэн төлөвлөлт, арга зүйтэй ажиллах, харилцан уялдааг хангах шаардлагатайг оролцогчдод санууллаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд төрийн албан хаагчид тавих мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйлийн шаардлага, олон улсын туршлага, тэдгээрийг сонгон шалгаруулалт болон гүйцэтгэлийн удирдлагын хүрээнд үнэлэх арга зүйн талаар харилцан мэдээлэл, туршлага солилцсоноос гадна төрийн албаны хүний нөөцийн удирдлагын холбогдолтой дүрэм, журамд тусгах, хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал, зөвлөмж бэлтгэсэн болно.
Дашрамд дурдахад, цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг төрийн албанд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох баримт бичиг, арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсруулж гаргаад байна. Мөн нийт 6 яам, 5 агентлаг, 3 аймагт дэд төсөл хэрэгжүүлж, төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цогц чадамжийн хүрээг туршин нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.