Монгол Улсад хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг төрийн албаны төлөвшил, хөгжлөөр олон улсад тэргүүлэгч орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагууд талархан дэмжиж ирсний нэг нь Канад Улс билээ. Үүний тодорхой жишээ нь Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” Төслийг Төрийн албаны зөвлөлөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа бол “Мерит” төслийн шугамаар төрийн албаны хүний нөөцийн хөгжлийн олон талт ажил, арга хэмжээг оролцогч талууд хамтран явуулдаг юм.
Жил бүрийн 7 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг Канадын үндэсний баяр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, үндэсний баярын мэндчилгээ дэвшүүлэн, хамтын ажиллагааны үйл явцад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.
---о0о---