Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Үнэт зүйл ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалтыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ажилтнуудад зориулан зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг сургалтыг нээж хэлсэн үгэндээ төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, засаглалын шинэ үе эхэлж байгааг онцолсон. Мөн улс орон, салбар, байгууллагын өөрчлөлт нь хувь хүний хандлага, соёлын өөрчлөлтөөс хамааралтай болохыг тэмдэглэж, өөрчлөлтийн удирдлагын “ADKAR” загварыг хэрэгжүүлэхийг зөвлөлөө. Мөн энэ үеэр тус компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар танилцуулав.
Энэхүү сургалт нь “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж, анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж байгаа цаг үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Сургалтын хүрээнд төрийн өмчит компани, хуулийн этгээдэд ажиллаж байгаа ажилтнуудын зарчимч, шударга байдлыг дээшлүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, үнэт зүйлд суурилсан ёс чиг баримжааг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажилтны цогц чадамжийг олж илрүүлэх, үнэлэх, хөгжүүлэх зэрэг чиглэлээр мэдээлэл өгсөн байна.