Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатазориг Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкофф болон Элчин сайдын яамны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж, төрийн албаны шинэтгэлд мэдлэг, чадвар, хандлагын өөрчлөлт оруулж байгааг тэмдэглэв. Төрийн албаны шинэтгэлийн шинэ шатанд хүрсэн ололт, амжилтаа ахиулах, шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах саналаа илэрхийлэв.
Элчин сайд К. Ивкофф хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах сорилт тулгарч буй энэ цаг үед Канад болон Монгол Улс үнэт зүйлд суурилсан хамтын ажиллагааг түншлэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгааг онцоллоо. Түүнчлэн ардчилсан нийгмийн тулгуур нь болсон үнэт зүйлс, ёс зүй, чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх, шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй төсөл бодит үр дүнд хүрч байгааг тэмдэглэн хэлсэн.
Уулзалтад талууд ардчилал, хүний эрхийн үнэт зүйлд суурилсан засаглалыг төлөвшүүлэх талаар ижил зарчим, байр суурьтай байгаагаа тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааг энэ чиглэлд нягт уялдуулж, хүрсэн үр дүнг ахиулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.