Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжиж, тэдний ур чадварыг дээшлүүлэх замаар төрийн албан дахь удирдах түвшний жендэрийн ялгамжийг арилгах нь төрийн албаны шинэтгэлийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг билээ.
Дээрх ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн шугамаар Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан төрийн бус байгууллагатай хамтран “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн энэ удаагийн сургалтад “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төсөл хэрэгжиж байгаа яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн захиргааны 14 байгууллагаас сонгогдсон дараагийн шатны албан тушаалд дэвшин ажиллах магадлал бүхий 29 эмэгтэй албан хаагчид хамрагдаж байна.
Өнөөдөр болсон тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Төрийн албаны Зөвлөлийн дарга Б.Баатарзориг оролцохдоо “цогц чадамж бүхий төрийн албан хаагчийн бүтээмж нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хурдасгах гол түлхүүр” гэдгийг онцлоод Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуульд саяхан оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ.
Мөн “Төрийн алба бол тэгш боломж бүхий ажил, амжилтын талбар бөгөөд үр дүн гаргаж буй хэн бүхэнд нээлттэй байж, бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гээд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг манлайлан ажиллахыг зөвлөв.
Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын энэхүү багц хөтөлбөр нь “Манлайллын сургалт”, “Коучингийн сургалт” болон “Менторшип хөтөлбөр” гэсэн үндсэн бүтцээс бүрддэг бөгөөд хөтөлбөрт сонгон шалгарсан төрийн захиргааны эмэгтэй албан хаагчид менторуудын уулзалт, хэлэлцүүлэгт хамрагдан гурван сарын турш суралцах болно.
---о0о---