Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудын нэг болох төрийн албан хаагчийн бүтээмжид суурилсан, уян хатан цалин хөлсний системийн онцлог, судалгааны шатанд явагдаж буй зарим ажлын явц, шийдлийн хувилбар саналын талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж нар Төрийн албаны зөвлөлд танилцуулга хийлээ.
Танилцуулга, хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох боломжит хувилбарууд, төрийн албаны цалин хөлсний системийн иж бүрэн шинэчлэл, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллыг боловсронгуй болгох арга замын талаар санал солилцсон байна.
Мөн төрийн албаны төлөвшил, хөгжлөөр тэргүүлэгч зарим улс орнууд, түүний дотор Монгол Улсын Ерөнхий сайдын саяхан айлчилсан Сингапур улсын төрийн албаны онцлог, ололт амжилтын талаар хөндөн ярилцав.
Төрийн болон холбогдох байгууллагууд нийтлэг зорилтоо хэрэгжүүлэхийн зэрэгцээ бие биеэсээ ялгаатай, харилцан хамаарал бүхий үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсгүүдээ шуурхай, хангалттай хариу үйлдэл үзүүлэх, зохицох хэм хэмжээ болгосон интеграцчлалын үйл явцад өнөөдрийн танилцуулга уулзалт чухал ач холбогдолтой болсныг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэмдэглэлээ.
Түүнчлэн төрийн албан дахь мэдлэгийн солилцоо, ур чадварын шилжилтийг оновчтой зохион байгуулах замаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дэвшүүлсэн хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллах, шинэтгэлийн үйл явцад хүлээлтийн байдал үүсгэлгүйгээр үйл ажиллагаагаа шуурхай зохион байгуулахыг холбогдох нэгж, байгууллагын удирдлагад чиглэл болгов.
Танилцуулга уулзалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Ц.Амартөгс нар оролцож төрийн албаны шинэтгэлийг эдийн засгийн агуулгаар гүнзгийрүүлэх чиглэлээр талуудын оролцоог цаашид идэвхжүүлж, хариуцсан ажлын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
---о0о---