Төрийн албан хаагчдын зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүтээхэд дэмжлэг үзүүлэх болон төрийн албан хаагчийн цогц чадамжийг илрүүлэх, үнэлэх, хөгжүүлэх арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилго бүхий сургалтууд төрийн захиргааны төв байгууллагуудад үргэлжлэн явагдаж байна.
Энэ удаад Төрийн албаны зөвлөлөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны албан хаагчдад зориулан зохион байгууллаа.
Сургалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг төрийн бүтээмж болон үр дүнд суурилсан цалин хөлс, нийгмийн асуудалтай холбоотой төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл өгч, улс орон, салбар, байгууллагын өөрчлөлт хувь хүний хандлага, соёлоос ихээхэн хамааралтай тул сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллийн үр дүнгээр өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх боломжийг эрэлхийлэхийг сургалтад оролцогчдод зөвлөлөө.
Мөн төрийн албан дахь мэдлэгийн солилцоо, ур чадварын шилжилтийг оновчтой зохион байгуулах замаар “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дэвшүүлсэн аж үйлдвэржилтийн сэргэлтийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллахад түлхэц өгөх, шинэтгэлийн үйл явцыг шуурхай зохион байгуулах талаар чиглэл өглөө.
---о0о---