Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймагт 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ны өдрийн хугацаанд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан таниулах, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагын бүтээмжийг дэмжихэд чиглэсэн сургалт, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, санал солилцох уулзалтыг зохион байгуулж байна.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, санал солилцсон байна. Уулзалтын үеэр сумдад сул орон тоог нөхөх хүний нөөцийн дутагдлын талаарх асуудлыг хөндөж, орон нутгийн удирдлагуудын хамтын оролцоо чухлыг талууд онцолжээ.
Мөн “Хүний эрх ба жендер” сэдэвт сургалт, уулзалтад оролцож, Дорнод аймгийн 13 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг дарга, төрийн байгууллагын удирдах ажилтнуудад Төрийн албаны шинэтгэл, хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, санал солилцох уулзалт боллоо.