Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж төрийн албаны шинэтгэлийн үйл явц дахь зарим зохицуулалтыг шинэчилсэн билээ.
Дээрх өөрчлөлтөөр төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх боломжийг нээж, уг зохицуулалтад хамаарах албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл батлахаар болсон юм.
Төрийн албаны зөвлөл 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлаар бэлтгэсэн дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ ажлын хүрээнд төрийн үйлчилгээний ангилалд хамаарах удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах асуудлыг боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг, спортын салбар тус бүрээр танилцуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд асуулт асууж, санал солилцсон байна.
Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан тодорхой дүрэм, журамд оруулах өөрчлөлт, шинээр боловсруулан баталж мөрдүүлэх баримт бичгийн талаарх цуврал хэлэлцүүлгүүдийг Төрийн албаны зөвлөлөөс үргэлжлүүлэн хийж байна.