Судалгаанд суурилсан төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс санаачлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр судалгааны арга зүйн цуврал сургалт зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Сургалт, судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн газрын албан хаагчдыг хамруулан “Судалгаа, судалгааны арга зүй, ач холбогдол, анхаарах зүйлс” сэдвээр сургалтыг доктор /Ph.D/ Б.Алтанцэцэг зохион байгууллаа. Судалгааны зөвлөх Б.Алтанцэцэг нь 2010 онд АНУ-ын Виржиниагийн Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр /Ph.D./ хамгаалсан, 2005-2009 онуудад АНУ, Виржиниагийн Их Сургуульд туслах багш хийж байсан туршлагатай юм.
Тэрээр “Судалгаа нь шинэ мэдлэг нэмэх зорилготой бүтээлч, системтэй үйл ажиллагаа” бөгөөд төрийн албан хаагч бүр судлаач байх ёстой гэдгийг онцлоод Танд ямар нэг таамаглал байгаа нь шинэ мэдлэг биш юм, судалгаагаар нотолж эсвэл үгүйсгэснээр шинэ мэдлэг бий болно. Аливаа судалгааг хийхдээ судалгааны хэрэгцээ, шаардлага, өмнө судлагдсан байдал, уг судалгаагаар мэдлэгт ямар хувь нэмэр оруулах, судалгааны дизайн, судалгааны зорилго, асуулттай тохирч байна уу гэдгийг анхаарч судалгааны ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай талаар зөвлөв.
Сургалтаас олж авсан шинэ мэдлэг, судалгааны арга зүйг өдөр тутмын үйл ажиллагаа, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ ашиглан хэвшүүлснээр Төрийн бүтээмжийн зорилгыг хэрэгжүүлэхэд тодорхой ахиц гарна гэж үзэж байна. Иймд энэ асуудлыг системтэйгээр харж судлан шийдвэрлэж ахиц дэвшил гаргах нь чухал болохыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс сургалтад оролцогчдод хандан онцлон хэллээ.