Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр (2022.11.16) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам удирдан явуулав.
Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Батттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон төрийн яам, агентлаг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцсон.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 60 гаруй хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулж байгааг тодотгоод УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.6-д “төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг. Иймд УИХ-ын Ёс зүйн дэд хороог өргөтгөж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Уг Байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, мөрдүүлж байгааг онцолсон.
Мөн тэрбээр, “Төрийн бүх шатны удирдах ажилтан, албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч байдаг. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг төрийн албан тушаалтан бүр мартаж болохгүй. Төрийн албаны мөн чанар бол ард түмэндээ үйлчлэхэд оршиж байдаг бөгөөд төрийн албаны нүүр царай бол төрийн албан хаагчид” гэдгийг тэмдэглэв.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлээд байна. Хуулийн төслийг “D-Parliament” цахим сайтад тавьж санал авч байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Дараа нь Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэнийг онцолсон.
Мөн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажилласнаар сүүлийн жил гаруйн хугацаанд Төрийн байгууллагуудын дэргэд байгуулагдсан ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдэрч, ёс зүйн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд ахиц гарсныг харуулж байна. Иймд ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах замаар төрийн албан дахь ёс зүйн асуудалд эерэг өөрчлөлт гаргана гэсэн хүлээлт бий болсон гэдгийг Байнгын хорооны дарга онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн тэрбээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4206 төрийн байгууллагад 208864 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 21135 төрийн захиргааны, 4165 улс төрийн, 45899 төрийн тусгай, 137665 төрийн үйлчилгээний албан хаагч ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ хөгжил гэдэг нь хүний хөгжил цаашлаад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд онцгой байр суурь эзэлдгийг онцолсон. Мөн хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа долоо хэмжиж, нэг огтол гэдэг зарчмыг баримталж байгааг тодотгоод энэ хүрээнд уг хэлэлцүүлгийг зохион байгуулж буй тул эрдэмтэн, судлаачдын санал бүхэн үнэтэй гэж байлаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төсөл санаачлагчдын нэг Ё.Баатарбилэг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн академич, доктор (Sc.D) С.Нарангэрэл “Монгол төрийн албан хаагчийн ёс зүйн шинжлэх ухааны үндэс”, Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор, доктор (Ph.D) Р.Дарьхүү “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл дэх нэр томьёоны асуудал”, Удирдлагын академийн багш, доктор (Ph.D) А.Алтанзул “Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин”, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт доктор (Ph.D) Ж.Жамъянтив “Төрт ёсыг бүтээх тухай өвөг дээдсийн эртний сургаалаас иш авахуй”, Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн ажилтан П.Баярцэцэг “Шударга, зарчимч байдлыг хамгаалах механизм” сэдвээр тус тус илтгэл тавив.
Хэлэлцүүлэгт оролцогчид итгэлтэй холбогдуулан санал солилцож, мөн зарим нь хуулийн төслийн талаар бичгээр саналаа хүргүүлсэн. Оролцогчдын зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн ёс зүй, ёс суртахуун гэдэг нэр томьёог тодорхой болгоход анхаарч ажиллах, ёс суртахууны зөрчлөөс үүдэх үр дагаварыг харгалзан хөнгөн, хүнд гэж ангилж, үүнд нь тохирсон хариуцлагын асуудлыг тодорхой тусгах шаардлагатай талаар санал хэлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уулзалт, хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд төслийг олон талаас нь судлан үзэн, нухацтай хандаж, сайн ажиллаж, улмаар хуулийн төслийн нэр томьёо, тогтолцоо, үе шатыг тодорхой ойлгомжтой болгохын тулд эрдэмтэн судлаач, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.
Мөн цаашдаа төслийн талаар нарийвчилсан, тодорхой асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахыг дурдаад хуулийн төслийг чамбай хэлэлцэн баталснаар төрийн алба төлөвшиж, төрийн албанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэхэд гол зорилго нь чиглэж байгааг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын илтгэлээс:
Эх сурвалж: www.parliament.mn