Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой, шударга, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, аргачлал, хэрэглэгдэхүүнийг турших, үр дүнг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, төрийн байгууллагын гүйцэтгэл, бүтээмж, үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 6 яам, 5 агентлаг, 3 аймгийн Засаг даргын Тамгын газарт “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төсөл болон “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлж, гарсан үр дүн, тулгарсан сорилт бэрхшээлийг хэлэлцлээ.
Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкофф, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн орлогч Лазима Онта Бхатта, дэд төсөл хэрэгжүүлэгч яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар болон албан хаагчид оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ төрийн албаны хүний нөөцийн удирдлагын шинэтгэлийн суурийг төслийн хүрээнд бүрдүүлж байгааг дурдаад дэд төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн удирдлагын болон ёс зүйн менежментийн шинэ аргачлал, арга зүйг төрийн байгууллагын удирдлага, албан хаагчидтай хамтран туршин нэвтрүүлсэн нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Энэ үеэр Элчин сайд Кэтрин Ивкофф цогц чадамжийн хүрээ зэрэг дэд төслийн хүрээнд хүрсэн үр дүн, ололт амжилт нь тухайн байгууллагын төдийгүй төрийн захиргааны салбарт бодитоор хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бол НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн орлогч Лазима Онта Бхатта төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг чадавхжуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, үнэт зүйлд суурилсан төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил хийгдсэнийг дурдаад хүрсэн үр дүнг төлөвшүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, дэмжлэг шаардлагатайг онцлов.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг мөн хэлэлцүүлгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дэд төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн удирдлага, ёс зүйг бэхжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр яамд, агентлаг, аймгийн ЗДТГ-т хэрэгжүүлсэн онцлох ажил, ололт амжилт, үр дүнг нэгтгэн танилцуулсан.
Хэлэлцүүлэг цааш “Төрийн захиргааны албан дахь эмэгтэйчүүдийн манлайлал”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх”, “Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх” зэрэг сэдэвт дэд хэлэлцүүлгээр үргэлжилж, төрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн удирдлага, жендэрийн эрх тэгш байдал, төрийн албан хаагчдын ёс зүйн чиглэлээр дэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шинээр туршин нэвтрүүлсэн арга барил, аргачлал, хэрэглэгдэхүүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.