Цаг хугацаа улирахын хэрээр аливаа үйл явцын өрнөлийг танин мэдэж эргэн харах, сорилт сургамжийг цэгнэн дүгнэж, хойшдын ажил үйлсээ тооцон төлөвлөх хөгжил хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байдаг нь жам ёсных билээ.
Бидний ажиллаж амьдарч буй глобал эрин үеийн тусгал болсон нийгмийн харилцааны өвөрмөц, сонирхолтой үйл явц төрийн албанд эрх зүйн шинэ зохицуулалтаар дамжин илэрч, үүнийг дагаад төрийн албаны төв байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа өөрчлөгдөн хөгжсөөр байна.
Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эхлүүлсэн төрийн албаны шинэтгэлийн гарааны жилүүд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтээр буухиалан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн бүтээмжийн сэргэлтийг буй болгох цаг үеийг хамарч буйгаараа ихээхэн онцлогтой.
Мэдээллийн орон зайн хязгааргүй орчинд тухайлсан тодорхой чиглэлээр системчлэн бэлтгэсэн гарын авлага, он цагийн дарааллаар товч өгүүлсэн хроникл ямархан ач холбогдолтой болохыг хэн бүхэн мэднэ.
Уншигч Таны гар дээр очиж буй энэхүү цахим товхимолд Монгол төрийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр явуулж ирсэн урт удаан хугацааны түүхийн хараахан хуучраагүй зурвас үе, олон талт үйл ажиллагааны нэгээхэн хэсгийг төрийн албаны төв байгууллагын мэдээ, мэдээллээр дамжуулан харуулахыг хичээв. Төрийн албан хаагчид төдийгүй иргэд, олон нийт, багш, оюутан, судлаачдад өчүүхэн ч атугай дэм тус болж, төрийн архивын сан хөмрөгийг баяжуулахад хувь нэмэр оруулах зорилгыг өвөрлөсөн юм.
Өнгөц харахад олон үйл явдлын хураангуй төдий харагдаж болох ч үг, өгүүлбэр бүрийн ард хичнээн олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаан, зүтгэл чармайлт шингэсэн ажлууд хийгдсэн болохыг төрийн албаны шинэтгэлийн үйлсэд хамтран зүтгэж яваа олон мянган хүмүүс төвөггүй ойлгоно биз ээ.
Хийж хэрэгжүүлсэн зүйлсийн логик дэс дараалал, хөгжил, өрнөлийг шуурхай бөгөөд хялбархан олж авч, ойлгон мэдэх нь Та бидний цаашдын ажил үйлс амжилттай явагдахын нэгэн урьдач нөхцөл гэдэгт би эргэлздэггүй. Түүнчлэн цаг хугацаа, дэс дарааллыг чанд баримтлахын зэрэгцээ аналитик шинжилгээ, дүгнэлт мэдээллийг үйл явдал бүрд шигтгэсэн нь он цагийн энгийн хэлхээсээс илүү өргөн хүрээг агуулахыг эрхэмлэсэн болно.