Монгол түмний уламжлалт баяр, XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баярыг угтан Төрийн албаны зөвлөл, Ажлын алба тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн дарга асан Б.Цогоо, Төрийн албаны зөвлөлийн анхны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал, Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Монгол Улсын гавьяат хуульч Б.Өнөбаатар болон Соёлын гавьяат зүтгэлтэн С.Батмөнх, төр захиргааны ахмад зүтгэлтэн Г.Дагва болон үе үеийн ахмадууд хүрэлцэн ирсэн юм.
Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмадуудад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүн ШУ-ны гавьяат зүтгэлтэн С.Цэдэндамба, Ц.Амартөгс, Ажлын албаны дарга Г.Билгүүн нар талархал илэрхийлж, Зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, байгууллагынхаа ажлын талаар товч танилцуулж, ахмадууд санал зөвлөмж, сургамж сургаалаа хэлж талархлаа илэрхийлэв.