Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан бөгөөд 2023 оны I улирлын ерөнхий шалгалт Улаанбаатар хот болон 21 аймагт 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд явагдаж байна.
Улирал тутам ерөнхий шалгалт зохион байгуулж давтамжийг нэмэгдүүлсэн нь иргэдээс шилж сонгож төрийн албаны хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын илрэл юм.
Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцохоор улсын хэмжээнд нийт 5126 иргэн бүртгүүлсэн байна.
Өчигдөр буюу 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод ерөнхий шалгалт эхэлсэн бөгөөд нийт 700 иргэн шалгалтад оролцохоос 559 иргэн цахим шалгалтад оролцож 183 иргэн буюу 32.7 хувь нь тэнцсэн байна.
Өнөөдрийн ерөнхий шалгалтын нээлтийн үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ерөнхий шалгалтын төв комиссын дарга Д.Баатарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат нар оролцож энэ удаагийн ерөнхий шалгалтын цахим үнэлгээний системийн онцлогийг дурдлаа.