Төрийн албаны зөвлөлийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Нийслэлийн дүүргүүд, түүний харьяа зарим байгууллагын төрийн албан хаагчийн хэрэгцээ, хангалтын үйл ажиллагааг шалган зааварлах тухай" 07 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүд, түүний Ажлын албаны ажилтнууд мөн Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгүүд 2010 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд ажиллав.
Мөн 3 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газрын дарга нар, холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан хэлэлцлээ. Энэ асуудлыг хэлэлцэхэд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг байлцав.
Шалган зааварлах ажлын хүрээнд нийт 1067 албан хаагчийг хамарсан 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба зэрэг байгууллагуудад ажилласан байна.
Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон 6 дүүргийн, карьерын (албан тушаал дэвших) зарчмаар томилогдоогүй 3 дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын, бүх дүүргийн ЗДТГ-ын зохион байгуулалтын бүтцийн 55 нэгжийн дарга нар болон шалгалтад хамрагдсан байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албан тушаалтнууд сонгон шалгаруулалтад хамрагдаагүй, дүгнэлт гаргаагүй байгааг тогтоож энэ оны 6 дугаар сард багтаан сонгон шалгаруулж, томилуулах арга хэмжээ авахыг Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгахаар тогтлоо.
Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэж төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн боловч нөөцийн бүртгэлээс хасалт хийлгэлгүй, хяналтаас гадуур журам зөрчин сул орон тоонд томилсон 44 албан хаагч байгааг илрүүлж, ажлаас нь чөлөөлөн 4 дүгээр сард багтаан журамд нийцүүлэхийг үүрэг болгов.
Нийслэлийн 8 дүүрэгт төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцээгүй нийт 105 иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон ЗДТГ-ын даргын тушаалуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
2009 оны 5 дугаар сард нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан төрийн захиргааны албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад өрсөлдөн тэнцэж, өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авч нэгдүгээрт шалгарсан 208 иргэдээс 141 иргэн албан тушаалдаа томилогдон ажиллаж байгаа ба 53 иргэн өөрийн хүсэлтээр томилогдохоос татгалзсан, байгууллагын зүгээс томилоогүй 2 иргэн, тодорхойгүй шалтгаанаар байгууллага, иргэний хооронд холбоо бариагүй 12 иргэн байгааг шалган тогтоож зохих арга хэмжээг авахыг Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгалаа.
Хууль дээдлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх, хууль, тогтоомжийг чанд баримтлан ажиллах нь нийт төрийн байгууллагуудын гол зарчим учир энэ ажил нь зөвхөн эхлэл юм. Цаашид шалган зааварлах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг салбар зөвлөл үргэлжлүүлэн явуулж байх юм.
Уг хуралдаанд нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг шалган зааварлах ажлын үр дүнтэй танилцаад нийслэлийн удирдлагын зүгээс цаашид анхаарч ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.