Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, Салбар зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар болон төрийн байгууллагын төлөөлөгчид БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайдын урилгаар тус улсад айлчиллаа.
Айлчлалын үеэр БНАЛАУ-ын яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудад “Монгол Улсын төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын онцлог”, “Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийг дүгнэх тухай”, “Төрийн албан хаагчдын сургалтын стратеги” зэрэг сэдвээр лекц уншиж, санал солилцлоо.
Монголчууд гадаад орны ижил төстэй байгууллагын туршлагаас суралцдаг байсан бол энэ удаа хүний нөөцийн удирдлагын асуудлаар өөрийн орны туршлагаа бусадтай хуваалцсан байна. БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамныхан Монгол Улсын төрийн албаны төв байгууллагын туршлагаас судлан, суралцах зүйл их байгааг тэмдэглээд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зөвлөх ажилтан ажиллуулах хүсэлт тавилаа. БНАЛАУ-ын Дотоод хэргийн яам нь тус улсын Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлогтой аж.
Айлчлалын үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчдийг БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд Камман Сунвилутын, Төрийн сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Пет Помпипак, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Сисай Лхудэтмонсан, БНАЛАУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Лаосын хэсгийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн сайд Буконг Сихавонг нар хүлээн авч уулзаж Монгол, БНАЛАУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан цаашид хөгжүүлэх, тухайлан төрийн төв байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Талууд Төрийн алба болон эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов.
Уулзалт, сургалтуудад Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайд Л.Галбадрах, Элчин сайдын зөвлөх А.Батсайхан нар оролцов.