Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, албан хаагчдыг шатлан дэвшүүлэх мерит зарчмын хүрээнд төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монголын улсын төрийн албан хаагчдыг Казахстаны Төрийн захиргааны академийн магистрын нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах Хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Төрийн албаны комисс 2016 онд 3 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.
Уг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2016 онд Монгол улсын 2 төрийн албан хаагч сонгон шалгаруулалтад тэнцэн, суралцаж, Бүгд Найрамдах Казахстан Улсад магистрын зэрэг амжилттай хамгаалсан юм.
Энэхүү гэрээний хоёр дахь шат болох “Бүс нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд магистрын зэрэг хамгаалах 2017-2018 оны тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалтад Монгол улсын 6 төрийн албан хаагч тэнцэж, хамрагдахаар болсон юм.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Казахстаны Төрийн захиргааны академийн магистрт суралцах төрийн албан хаагчдыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр Казахстаны Төрийн захиргааны академийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах болсонд талархал илэрхийлээд, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Казахстаны Төрийн албаны комиссын хамтын ажиллагаа өргөжиж, Казахстаны талаас суралцагсдын тоог нэмж буйг тэмдэглэн хэллээ.
Тус академид сурах төрийн албан хаагчдыг шалгаруулах сонгон шалгаруулалт гурван үе шаттай явагддаг. Төрийн албаны зөвлөл дээр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн 6 албан хаагч Казахстан Улсын Төрийн захиргааны академид очиж ярилцлагын болон ажлын байран дээрх дадлагын шалгалтыг англи, орос хэлээр өгч тэнцэн, уг тэтгэлэгт хамрагдахаар боллоо. Энэхүү тэтгэлэгт магистрын жилийн сургалтын төлбөр, оюутанд сар бүр олгох амжиргааны зардал, мөн дотуур байрны болон виз, ирэх очих замын зардал, эрүүл мэндийн даатгал зэрэг багтах юм.
Төрийн байгууллагад нэгээс дээш жил ажилласан, англи хэлний IELTS, TOEFL, IBT зэрэг шалгалтаас онооны шаардлага хангасан, орос хэлний академик түвшний мэдлэгтэй, цаашид тогтвортой ажиллах төрийн жинхэнэ алба хаагч уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ талаар http://pa-academy.kz/index.php/en/ линкнээс мэдээлэл авч болно.