Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Төрийн албаны Комиссын дарга проф. Давид Р.Суемлех тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Зөвлөлийн дарга Б.Цогоо БНЭУ-ын Төрийн албаны төв комиссын дарга проф. Давид Р.Суемлех тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Б.Цогоо Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа, онцлог, хууль эрх зүйн орчны талаар танилцуулаад, Энэтхэгийн Төрийн албаны төв комисстой хамтран ажиллах санамж бичиг байгуулбал манай хоёр орны Төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагаа улам өргөжин бэхжихэд чухал түлхэц болно гэлээ.
Ноён Давид Р.Суемлех эртний түүхт, найрсаг харилцаатай Монгол оронд айлчлах боломж олгосонд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод талархал илэрхийлээд, БНЭУ-ын Төрийн албаны төв комиссын үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Тэрээр Энэтхэгийн Төрийн албаны төв комиссын бүрэн эрхийг Үндсэн хуулиар зохицуулдаг гээд сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн албанд орсон хүн маань 30-35 жилийн дараа дэд сайд болтлоо дэвшиж ажилладаг. Энэтхэгт 5 жилд нэг удаа сонгууль явагддаг ч төрийн албанд ямар нэг өөрчлөлт ордоггүй тогтвортой байдаг, албан хаагчид маань сэтгэл хангалуун байдаг хэмээлээ. Ярианыхаа төгсгөлд ноён Ноён Давид Р.Суемлех Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй харилцан ойлголцлын санамж бичиг удахгүй байгуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Уулзалтын явцад төрийн жинхэнэ албанд анх орох болон удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтын талаар, сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар, сонгон шалгаруулалттай холбоотой маргааны хэрхэн шийдвэрлэдэг тухай, албан тушаалтныг сэлгэж, шилжүүлэн ажиллуулах талаар, албан тушаалтанд хариуцлага хэрхэн тооцдог зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцжээ.
Уулзалтад БНЭУ-ын Төрийн албаны төв комиссийн нарийн бичгийн дарга Р.К Гатвал, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сурэш Бабу болон албаны бусад хүмүүс байлцлаа.