Төрийн албаны зөвлөлийн ээлжит арвантавдугаар хуралдаанаар найман асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа. Завхан, Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын 61 сул орон тоог нөхөхөөр зохион байгуулсан мэргэшлийн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтад тэнцсэн 99 иргэнийг нөөцөд бүртгэгдэж, хамгийн өндөр оноо авсан 32 иргэнийг тус тусын өрсөлдсөн албан тушаалд томилуулахаар тогтов. Түүнчлэн Стандартчилал хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын даргаар Б.Ариунааг томилуулахаар дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлж, Ш.Раднаасэдийг Төрийн албаны зөвлөлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн даргаар томилохоор шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүнээр 2000-2004 онд ажиллаж байсан Б.Баттулга нөөцөд бүртгүүлэх хүсэлт гаргасныг хэлэлцээд, Б.Баттулгыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэхээр боллоо.
Төрийн өмчийн хорооны даргын болон Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын зарыг csc.gov.mn сайтад байршуулан, нийтэд нээлттэй зарлахаар тогтов.
Төрийн захиргааны зарим албан хаагчдад зэрэг дэв олгуулах санал ирүүлснийг хэлэлцээд нэг албан хаагчид тэргүүн түшмэлийн, хоёр албан хаагчдад эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгуулах саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.