Төрийн албаны зөвлөлийн гучин нэгдүгээр хуралдаанаар таван багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар зарим яамдын удирдах албан тушаалд томилуулахад дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцээд, Хөдөлмөрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Г.Сувдааг, Санхүү, эдийн засгийн газрын даргаар Б.Пүрэвсүрэнг, Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар Г.Баттунгалагийг томилуулахаар дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлж, санал болгохоор тогтлоо.
УИХ-ын Тамгын газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэж, хамгийн өндөр оноо авсан нэг нэг иргэнийг өрсөлдсөн албан тушаалд томилуулахааар нэр дэвшүүлэв.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийг Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөл болгож, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулан, Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар Н.Оюундэлгэрийг томиллоо.
Дорнод аймаг дахь Салбар зөвлөлийн дарга П.Бат-Өлзийгийн сонсголыг сонсон хэлэлцэж, тогтоол гарган, зөвлөмж хүргүүлэв.